
2025.01.17-ны өдөр Л.Оюун-Эрдэнийн засгийн газар мэдэх эрхээ эдэлж жил бүр ураны эсрэг жагссан иргэд болон гэрээтэй холбоотой тодруулга хийж хариу хүссэн сөрөг хүчнүүдийн асуултад хариулт өгөлгүй зүтгүүлсээр Францын “Орано” групптэй уран олборлох гэрээг үзэглэлээ. “Орано” группийн охин компани “Бадрах энержи” ХХК нь 2013 оноос Дорноговь аймаг Улаанбадрах суманд хайгуул шинжилгээ хийн өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээг батлуулах гэж олон засгийн нүүр үзэж, олон жагсаал цуглааны дараа энэ засгийн үед гэрээгээ батлан үзэглэж чадлаа.
Нүүрс, алт, жонш, зэс олборлолт нь Монголчуудын эчнээ танил уурхай, байгалийн ховор элементүүд. Гэтэл уран олборлолтын талаар бид цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн үндсэн эх үүсвэр, түүний хүн байгальд үзүүлэх хими, цацрагийн нөлөө ихтэй цацраг идэвхт бодис тул тодорхой нөхцөлд хүний эрүүл мэнд болон байгаль орчинд хортой нөлөө үзүүлнэ гэсэн бүдэг бадаг мэдээлэлтэй явж ирсэн. Энэ нь бүүр цаашлаад шашин шүтлэг талаасаа ч болохгүй хорио цээртэй хэмээн Монголчууд үзэж байна.
Тэгвэл бид үнэхээр тийм их нөөцтэй улс уу? Дэлхийд ураны олборлолтоор Казахстан 43%, Канад 15%, Намиби 11%, бусад улс орнууд үлдсэн хувийг тус тус олборлосон байна. Дэлхийн нийт батлагдсан ураны нөөцийн 87 хувийг 10 улс дангаар бүрдүүлж байгаагаас Австрали, Казахстан, Канад гурав 50 гаруй хувийг эзэмшиж Монгол улсын хувьд ураны нөөцөөр дэлхийд эхний 10-т багтдаг бөгөөд нийт нөөцийн 2 гаруй хувийг эзэмшдэг нь манай Дорноговь аймагт байрлах Дулаан-Уул, Гурванбулаг, Сүхбаатар аймагт байрлах Мардайн ордууд юм. Хэдий 2% бага мэт сонсогдох боловч эдийн засгийн хувьд манайд орж ирэх өгөөжийг тооцвол бид ирээдүйд орж ирэх орлогоос татгалзаад байхаар баян улс биш тул дэмжих нь зүй. Гэхдээ үүнийг дагаад олон эрсдэлүүд байгаад иргэд хариулт авч чадаагүй байгаа нь 2028 онд уурхайн үйл ажиллагаа эхлэхэд дахиад л энэ ойлгомжгүй байдлаас болж нутгийн иргэд болон ураныг эсэргүүцэн тэмцэгч иргэд энэ асуудлаар дахин зөрчил маргаан үүсгэхгүй гэх аргагүй.
Энэхүү олон жил маргаан тэмцэл дунд байсан уурхайн гэрээ батлагдсанаар хэний эрх зөрчигдөв.
1. Гэрээ батлагдахын өмнө ба дараа жагсаж үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг коммунист, орк, шинжлэх ухаанч биш гэх мэтээр Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 14.2 дугаар зүйлд заасан үзэл бодлоороо ялагаварлан гадуурхагдахгүй байх эрхийг нь хайр найргүй зөрчигдсөн
2. Мэдэх эрхээ эдэлж жагсаж буй иргэдийн шаардлага нь Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй заалтыг зөрчин эдгээр ямарч хариу тайлбар өгөлгүй гэрээнд тусгагдсан уран олборлолт, хог хаягдал булах явцын олон улсын стандартыг иргэдэд таниулан мэдүүлэх үйл ажиллагаа хийгдээгүй
3. Тухайн уурхайд ажиллах ажиллах хүчин нь тухайн сум орон нутгийн иргэд байна гэх боловч энэ нь үнэхээр аюулгүй байдлыг хангасан уу, энд ажиллагсдын ар гэр нь аюулгүй, эрүүл орчинд байгаагаа мэдэх мэдээлэл авахад нь Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16.4 дүгээр зүйлд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн
4. “Орано”-тай байгуулж буй хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой нэмэлт тодруулга мэдээлэл хүсч өргөдөл гаргасан сөрөг хүчин, нам эвсрүүдийн бичигт хариу илгээгээгүй нь Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16.12 дугаар зүйлд заасан төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн
5. Мөн уурхайн эргэн тойронд амьдарч буй иргэнийн Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16.18 дугаар зүйлд улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох эрхэнд халдан уурхайн үйл ажиллагаа эрхлэхэд тухайн радиуст малчин чөлөөтэй суурьшин малаа бэлчээх, оршин суух эрх зөрчигдөх зэрэг үндсэн хуульд заасан эрхүүдийг зөрчсөн.
Гэвч гадны улс орнуудын хувьд уул уурхайн олборлолтоос хамгийн түрүүнд өртөх иргэдэд мэдээллийг маш сайн хүргэх, зөвшилцөх шаардлагатай бөгөөд энэхүү үл ойлголцол мэдээлэл, мэдээ дутуугийн улмаас жагсаал цуглаан үймээн үүсдэг. Энэхүү гэрээний хувьд гэрээг байгуулж буй Монгол тал буюу Л.Оюун-Эрдэнийн засгийн газар иргэдээ мэдээллээр хангах, зөвшилцөх ёстой байсан хэдий боловч гэрээг урагшлуулахын тулд үндсэн хуулиар олгогдсон олон эрхийг уландаа гишгэн зөрчсөн үйлдэл гаргажээ. Иргэд цаашид нь өөрсдийн мэдэх эрхийн дагуу жагсаж цуглан эсэргүүцэл илэрхийлэх нь илт тул гэрээ байгуулсан засгийн газар маань ирэх жилүүдэд гэрээнд тусгагдсан олон улсын стандарт, ураны уурхайн онцлог, техник хэрэгсэл, уран олборлолтын явц, тээвэрлэлт, тэнд ажиллагсдын аюулгүй байдал хөдөлмөр хамгаалалын чиглэлээр ирэгэдээ мэдээллэр хангах бэлтгэл ажилдаа орох нь зүй.
Бид оройтсон уу? Одоо бид дуугарах эрхгүй болсон уу?
2025.01.17-ны өдөр Монгол улсын засгийн газар, “Орано” групптэй байгуулсан гэрээнд гомдол гаргагч этгээд нь Монгол улсын засгийн газар бөгөөд энэхүү гэрээгээр үүссэн маргааныг таслан шийдвэрлэхэд олон улсын гэрээнд заасны дагуу аль улсын арбитрын шүүхээр таслан шийдвэрлүүлэхийг заасан газарт гомдол гаргах эрхтэй. Арбитрын шүүх нь гэрээний хэрэгжийлтийг биелүүлсэн ба биелүүлээгүй гэдгийг шийдвэрлэх бөгөөд өөр ямарч санал гомдлыг хүлээн авахгүй. Гэвч Монгол улс түүхэндээ арбитрын шүүхэд зарга мэдүүлээд ялсан түүхгүй.
Ингэхээр иргэн бид хохироод үлдэх үү? Үгүй ээ. Засгийн газрын гадаад улстай байгуулсан гэрээний хэрэгжилт, биелэлтийг Засгийн газраас шаардах эрх нээлттэй. Хэврээ хайгуул, олборлолт явагдаж байх үед хөдөлмөр хамгаалалын зөрчил гарсан, техник хэрэгсэл зориулалтын дагуу ажиллаагүй гэж үзвэл эдгээрийг баримтжуулан нотлох баримттайгаар загсийн газарт өргөдөл гаргах Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16.14 Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийн дагуу гомдлоо гаргахдаа үндэслэлтэй, нотлох баримттайгаар шүүхэд хандах эрх бидэнд нээлттэй байсаар байна.
Тэгхээр бид 2028 онд ажиллаж эхлэх энэхүү уурхайн талаарх мэдлэг мэдээллээ зузаатган тавих шаардлагаа өндөрсгөж, хараа хурц, чих сонор байхад өөрсдийнгөө бэлдэж гэрээний хэрэгжилтийн 20 жилд тэд бидний эрхийг зөрчвөл хэрхэн өөрсдийгөө хамгаалах нотлох баримтыг цуглуулж дахин сунгагдах 10 жилийг сунгах ба сунгахгүй байх нь иргэн бидний оролцооноос хамаарах тул та бүгд сонор сэрэмжээ нэмэгдүүлэх төр засагтаа шаардлага тавих жилүүд айсуй.
